0%
Төгсөгчдийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн Наношинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөр нь 2018 оноос хойш нийт 4 удаагийн төгсөлтийг амжилттай хийгээд байгаа юм. 2020 оноос МУИС-ийн дэргэд Нано шинжлэх ухаан нанотехнологийн төв байгуулагдсантай холбоотойгоор бүх төгсөгчидтэйгөө анхны цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд:
- Оюутан цагаа дурсаж, дүгнэлт хийх, одоо суралцаж буй оюутнууддаа зөвлөгөө өгөх,
- Төгсөгчдийн эрхэлж буй ажлууд, тэдгээрийн онцлогийг оюутнуудад танилцуулах,
- Гадаадад эрдмийн зэрэг горилон суралцаж буй төгсөгчдийн туршлагаас судлах,
- Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг тус тус хэлэлцлээ.
Төгсөгчдийн төлөөлөл болон дараах төгсөгчид илтгэл танилцуулав.
Гадаадад үргэлжлүүлэн сурч, ажиллаж буй:
- 2018 оны төгсөгч Э. Энхжаргал: БНСУ-ын Инчеоны Үндэсний Их Сургуулийн магистр, докторант
- 2018 оны төгсөгч М. Отгон-Үжин: Тайваний Үндэсний Их Сургуулийн докторант, Тайваний SF Scientific компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер
Дотоодод үргэлжлүүлэн сурч, ажиллаж буй:
- 2019 оны төгсөгч Д. Батдорж: МУИС-ийн магистрант, МОНОС ХХК-ийн Эм Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- 2019 оны төгсөгч С. Жаргалмаа: Гаалийн Ерөнхий Газрын гаалийн улсын байцаагч, шинжээч
- 2020 оны төгсөгч Т. Мөнх-Эрдэнэ: МУИС-ийн магистрант, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
- 2020 оны төгсөгч Т. Цэнгүүн: МУИС-ийн магистрант, Barloworld Mongolia ХХК-н технологийн хэлтсийн химич
Төгсөгчдийн зүгээс хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлгүүд бэлдсэн нь уулзалтад баяр хөөр нэмсэн үйл явдал байлаа.
Уулзалтад оролцсон нийт төгсөгчид болон зохион байгуулах комисст баяр хүргэе!