Түгээмэл асуултууд
  • Нанотехнологи гэж юу вэ?

    Нанотехнологи (Nanotechnology) нь бодисыг атом, молекулын түвшинд инженерчлэн шинэ наноматериал, нано-системийг бүтээх технологийг хэлдэг. Нанометр гэдэг нь 0.000000001 м буюу хүний үсний ширхэгийг 100,000 хуваасантай тэнцэх хэмжээс юм. Нанотехнологийг хагас дамжуулагч, электроник, биотехнологи ба анагаах ухаан, барилга, эрчим хүч, сансрын технологи гээд олон салбарт хэрэглэх боломжтой.

  • Нанотехнологийн үүсэл

    Нобелийн шагналт физикч Ричард Файнман (Richard Feynman) 1959 онд Америкийн Физикийн Нийгэмлэгийн хурлын үеэр танилцуулсан "атомыг удирдан инженерчлэх" тухай илтгэл нь нанотехнологийн эхлэл болсон гэж үздэг.

    "Нанотехнологи" гэх нэршлийг Токиогийн Шинжлэх ухааны Их Сургуулийн профессор Норио Танигучи (Norio Taniguchi) 1974 онд анх гаргаж ирсэн бөгөөд нанотехнологи нь 1980-иад оноос эхлэн бие даасан салбар болон хөгжиж ирсэн.

    Нүүрстөрөгчийн наноматериал болох фуллерений нээлтээр Харри Крото (Harry Kroto), Ричард Смолли (Richard Smalley), Роберт Корл (Robert Curl) нар 1996 онд Химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн бол графины нээлтээр Андрей Гейм (Andre Geim), Костя Новоселов (Kostya Novoselov) нар 2010 онд Физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн байдаг.

    Нано-машин буюу молекулын түвшний төхөөрөмж бүтээснээр Жан-Пьерр Соваж (Jean-Pierre Sauvage), Фрэйзер Стоддарт (Fraser Stoddart), Бернард Феринга (Bernard Feringa) нар 2016 онд Химийн салбарын Нобелийн шагналыг тус тус хүртсэн.

  • Бидний амьдралд нанотехнологи нь

    Өнөө цагт хамгийн анхаарал татаж буй нанотехнологийн хэрэглээ нь SARS-CoV-2-н вакцин юм. Pfizer/BioNTech болон Moderna компаниудын мРНХ-д суурилсан вакцин нь липидийн нанопартикл ашиглаж буй бөгөөд нанотехнологи ашигласнаар вакцины үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

    Нанотехнологийг дараах салбаруудад хэрэглэх боломжтой:

    • Анагаах ухаан: вакцин, эмчилгээ, молекулын түвшний оношилгооны технологи
    • Барилга, үйлдвэрлэл: илүү даацтай, хөнгөн, бат бэх материалын технологи
    • Сансар судлал: сансрын хөлгийн материал, эд анги
    • Хөдөө аж ахуй: ургацыг нэмэгдүүлэх, хамгаалах
    • Хүрээлэн буй орчин: Орчны бохирдлыг бууруулах, мониторинг хийх
    • Электроник: шинэ төрлийн баттерей, дэвшилтэт дэлгэц
    • Эрчим хүч: дэвшилтэт нарны зайн технологи